ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


 Хөгжлийн бэрхшээлээсээ шалтгаалан нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж, ганцаардмал нэгэн болж буй иргэд манай улсад цөөнгүй бий. Харин тэднийг нийгэмших, оролцоог нэмэгдүүлэхэд өөрсдийнх нь зовлон бэрхшээлийг ойлгож чаддаг, чин сэтгэлээсээ туслаж, дэмжлэг үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд олон байх шаардлага байгаа юм. 
   Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг нийт 304 төрийн бус байгууллага бүртгэлтэй байна. Тэгвэл энэ сарын 22-нд ХАХНХЯ, Удирдлагын академийн сургуулийн Сургалтын алба, Сэргээн Засалт, Хөгжлийн Үндэсний төв хамтран эдгээр төрийн бус байгууллагуудын удирдлагуудаас 30 гаруй төлөөллийг чадвахижуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, удирдах арга зүйг эзэмшүүлж, цаашдын тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллах зорилгоор сургалтад хамрууллаа.
   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг төрийн бус байгууллагуудын удирдлагууд энэхүү сургалтад хамрагдсанаар хүний эрхийн мэдлэгээ дээшлүүлж, бодлого шийдвэр боловсруулах, эрх зүйн шинэчлэл хийхэд төрийн байгууллагуудад нөлөөлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах, оролцоог бодит болгоход хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Чадвахижуулах сургалт Удирдлагын академид энэ сарын 26 ны өдөр болтол үргэлжилнэ.

0 comments:

Post a Comment