Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” сарын аяныг эхлүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй олон бэрхшээлийг шийдвэрлэх, тэдний дуу хоолойг сонсох зорилго бүхий шат дараатай уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа.
Тус аяны хүрээнд 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, оюутан, залуучуудын сурч боловсроход тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” сэдэвт уулзалт, ярилцлагыг ХАХНХЯ, БШУЯ-тай хамтран зохион байгууллаа. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус, энгийн хүүхэд, залуучуудаас ялгаатай ч сурч, боловсрон, мэргэжил эзэмших эрх бүрэн нээлттэй.
Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, оюутан залуусын сурах орчин нөхцөл хангалтгүйгээс тэд сургууль завсардах, нийгмээс тусгаарлагдмал нэгэн болох хандлага нэмэгдэж байгаа юм.
Тодруулбал, улсын хэмжээнд 10, түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй 103046 хүн байгаа бөгөөд боловсрол эзэмшээгүй 22658, боловсролтой 80388, бичиг үсэг мэддэг 7638, бичиг үсэг мэдэхгүй 15020 хүүхэд байна гэсэн статистик үзүүлэлт /2010 оных/ байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсын 10, түүнээс дээш насны нийт хүн амын 92,5 хувь нь ямар нэг төвшний боловсрол эзэмшсэн байхад, хөгжлийн бэрхшээлтэй 10, түүнээс дээш насны боловсролтой хүн амын хувь түүнээс 14,5 пунктээр доогуур байна.
Түүнчлэн манай улс дэлхийн бусад улстай харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж, амьдрах, ялангуяа сурах орчин нөхцөл хангалтгүй түвшинд байгааг ч ярилцан, эл асуудлыг шийдвэрлэх оновчтой шийдлийг гаргах шаардлагатай байгаа юм. Тиймээс төр засгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын анхаарлыг эл асуудалд хандуулах цаг болсоныг дээрх судалгааны үзүүлэлт харуулж байна.
ХАХНХЯ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа санаачилан явуулж эхэлсэн ч энэ ажлыг үр дүнтэй, бодит болгоход хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон бусад яамдын оролцоо, хамтын ажиллагаа чухал нөлөөтэй байгаа юм. Энэ ч утгаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, оюутан, залуусын сурах орчин нөхцөлийг сайжруулах талаар хэлэлцсэн энэхүү уулзалтад ХАХНХЯ болон БШУЯ-ны холбогдох албан тушаалтан, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, дуу хоолойгоо нэгтгэлээ.
Тус хэлэлцүүлгийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсрол эзэмших орчин нөхцөл, дэд бүтцийг юун түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй гэж үзлээ. Мөн сургалтын агуулга стандартыг ЕБС-ийн стандарттай ижил байлгаж, харин тухайн хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн ялгаатай байдлаас шалтгаалж, заах арга зүйг өөрчлөх, цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мэдлэг олгох багш нарт энэхүү арга зүйг сургаж, мэргэжил дээшлүүлэлх сургалтын тогтмол хийх нь зүйтэй гэдгийг онцлов. Оролцогчдын үзэж буйгаар оюуны бэрхшээлээс бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг аль болох ердийн сургуульд сургах нь түүнийг нийгмийн нэг хэсэг байх, бие хүн болж төлөвшихөд тустай болох аж. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст мэдлэг олгохтой холбогдуулан олон зөвлөмж, дүгнэлт, саналт гарсанаас хүүхдийн мэдлэгийн түвшинг үнэлэх үнэлэмжийг шинэчлэн, өөрөө өөртэй нь харьцуулж, ахицаар нь дүгнэх тухай асуудал ихээхэн анхаарал татаж байлаа. Үүнээс гадна тусгай хэрэгцээт боловсрол эзэмших хүүхдэд шаардлагатай багаж хэрэгсэлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэйг энэхүү уулзалтаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлд тусган ажиллахаар боллоо.
Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг үнэлэх үнэлэмжийг
шинэчлэн тогтоох шаардлагатай
шинэчлэн тогтоох шаардлагатай
Уулзалтын үеэр БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, оюутан, залуучуудын сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж, цаашид БШУЯ-аас энэ асуудалд ямар чиглэл баримтлах талаар танилцуулсан.
Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах тал дээр нэлээд өөрчлөлт хийлээ. Үүнтэй холбоотой хуульд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамааран сургуулийн багш нарт нэмэгдэл олгодох байхаар тусгаж өглөө.
Мөн тусгай сургуулийн орчин нөхцөлийг сайжруулж, хүүхдийг зөвхөн халамжлаад зогсохгүй, цаашид бие даан амьдрах чадвартай болгоход анхаарна. Гэтэл сүүлийн 20 жил тусгай хэрэгцээт боловсрол олгох багш нарыг бэлдэж чадаагүй байна. Одоо байгаа багш нарын ихэнх нь тэтгэвэрийн насны ахмад багш нар болж. Тиймээс шинэ залуу мэргэжлийн согог зүйч, сэтгэлзүйчийг бэлтгэх, ажиллуулах шаардлагийг хүлээн авч, төрийн дэмжлэгтэйгээр мэргэжилтэн бэлтгэж эхлээд байна. Түүнчлэн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг үнэлэх үнэлэмжийг ч шинэчлэн тогтооё” гэсэн бодлого, чиглэл баримталж байгаагаа илэрхийлсэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол эзэмшүүлэхийн тулд
эхлээд сэтгэлийн бэрхшээлээс ангид байлгах хэрэгтэй
эхлээд сэтгэлийн бэрхшээлээс ангид байлгах хэрэгтэй
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, оюутан, залуучуудын сурч боловсроход тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь”санал солилцох, уулзалт, хэлэлцүүлгийн үеэр БШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол эзэмшүүлэх, тэднийг энгийн хүүхдээс ялгахгүйгээр сургахад анхаарах зүйл юу байна. Энэ тал дээр танай яамнаас ямар бодлого, чиглэл баримталан ажиллах вэ?
Хүүхдийн сургуулийн өмнөх буюу бага боловсролын асуудлыг хариуцан ажилладаг хүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аль болох энгийн хүүхэдтэй ижил орчин, нөхцөлд сургах хэрэгтэй гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тэдний ар гэр бүлийг сэтгэлийн бэрхшээлээс ангид байлгаж, сэтгэлийн тэнхээтэй болгоход анхаарах ёстой юм. Мэдээж энэ бүхнийг ХАХНХЯ дангаараа хариуцан, хийхэд хүндрэлтэй бөгөөд бид бүхэн тус тусдаа ямарч сайхан ажлыг санаачилан хийгээд үр дүнгүй болно. Тиймээс аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтран ажилладаг байх нь зүйтэй.
“Оролцоог бодит болгоё” сарын аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц хайсан уулзалт хэлэлцүүлэг болж байна. Тэгэхээр энэ хэлэлцүүлгийн ач холбогдол, үр дүнгийг тухайд ямар бодолтой байна вэ?
ХАХНХЯ-аас хөгжлийн бэрхшээлтнй иргэдийн үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж, түүнийг угтсан сарын аян эхлүүлсэн нь сайшаалтэй юм. Энэ ажилд БШУЯ ч идэвх санаачилгатай оролцож, шийдвэрлэх боломжтой асуудлын хүрээнд хамтран ажиллаж байна. Бид энэ уулзалт хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын сургалтын арга болон сургагч багш нарын ур чадвар, туршлага ямар байх тухай ярилцаж байна. Ингэснээр тухайн хүүхэд өөрийгөө бусдаас тусгшаарлах бус, энгийн хүүхэдтэй ижилхэн оролцоотой болж, цаашлаад их дээд сургуульд дэвшин суралцах эрхтэй болох юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцөл энгийн хүүхдийхээс ялгаатай зүйлүүд бий. Тиймээс тэдний бэрхшээлийг ойлгох, тусалж, дэмжихэд гэр бүлийн болоод хамт суралцагчдын харилцаа чухал байх. Энэ талаарх таны бодол?
Тэгэлгүй яах вэ. Хамгийн нөлөөтэй хүчин зүйл нь гэр бүл болон бусадтай харилцах юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний, хүүхдийн олж харсан, мэдэрсэн жаргал, зовлонг энгийн иргэд тийм ч амар ойлгохгүй шүү дээ. Бид эхлээд хөгжлийн бэрхшээлийн тухай зөв ойлголттой болох хэрэгтэй гэж боддог. Төрөлхийн бэрхшээлтэй байхаас гадна, ямар нэг шалтгаанаар олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол амьдралд бий. Энэ бүхэнтэй яаж харилцахаа ялгаж, салган анхаарч байвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгох нэг хэлбэр болно гэж боддог.
0 comments:
Post a Comment