ХАХНХЯамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” сарын аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд хүрээнд Ерөнхий боловсрол болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд хамран сургах нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэхүү уулзалтын эхний өдөр буюу 4 дүгээр сарын 4-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ерөнхий боловсролын дунд сургуульд суралцах болон сургуулийн өмнөх боловсрол эзэмших асуудлын талаар хэлэлцсэн юм. Учир нь манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч, хүмүүжих сургууль, цэцэрлэгийн орчин хангалтгүй, тэдэнтэй ажиллах мэргэжлийн багш, боловсон хүчин хомс, сургалтын арга зүй дутмаг зэргээс боловсролд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа юм. Мөн Монгол улсын Хүн ам, орон сууцны улсын тооллгын дүнгээс харахад манай улсад ерөнхий боловсролын сургуульд хамрагдах насны 6-19 насны нийт 13,5 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагийн 55,6 хувь нь сургуульд хамрагдсан бол 44,4 хувь нь сургуулиас завсардсан байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамт олны дунд сурч боловсрох, бие даан амьдрах чадварыг дээшлүүлж, нийтэч, өөртөө итгэлтэй, бусадтай нэгэн адил үзэл санаатай, хүсэл тэмүүлэлтэй байж, нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс ХАХНХЯ болон БШУЯ, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв хамтран сургууль, цэцэрлэгийн багш нар болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын төлөөллийг хамарсан томоохон хэмжээний уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон байна.
Сургалтад ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир, ХАХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга Д.Амарсайхан, ХБИХХ-ийн дарга Т.Батдулам, СЗХҮТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа, БШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяа, Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга болон тусгай хэрэгцээт боловсролын сургуулийн 20, ерөнхий боловсролын сургуулийн 20, цэцэрлэгээс 20 нийт 70 гаруй төлөөлөгчид оролцлоо. Харин МУБИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Батцэнгэл “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш бэлтгэж байгаа өнөөгийн туршлага”, МУБИС-ийн багш, доктор, дэд профессор Ц.Баттуяа “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хамруулах сургалт”, н.Сарантуяа “Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд”, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Батжаргал “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох туршлага” зэрэг илтгэлүүдийг тавилаа.
Тус хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асран хамгаалах, сурч боловсрох, хүмүүжил, төлөвшилд авч хэрэгжүүлж байгаа болон өнөөгийн нөхцөл байдалд тулгамдаж буй бэрхшээлийн талаар багш, сурган хүмүүжүүлэгч нарын бэлтгэсэн илтгэлийг сонсож, санал солилцсон.
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандах хандлага, өнөөдрийн нөхцөл байдал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэрт нь тусгаарлан, ганцаардуулж, чадварыг нь улам доройтуулж, нас биед хүрэхэд нь тэднийг жинхэнэ утгаараа нийгмээс гадуурхагдсан өөрийн байр суурьгүй, итгэлгүй, халамж хүртэгч бүлгийн иргэн болгодог нь нууц биш болсон гэдгийг хөндөн ярилцсан юм. Дээрх санал санаачилга, хэлэлцүүлгийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгт сурч боловсрох, тэдний нийгмийн оролцоог бодит түвшинд хүргэхэд тусгаж ажиллахуйц хэд, хэдэн санал гарсан.
Тэдгээр саналыг багцлан хүргэвэл: сурагчдын харилцан ялгаатай хэрэгцээ шаардлагыг хүлээн зөвшөөрч, сургалтын арга барилд шинэчлэл хийх, түүнчлэн сургалтын хөтөлбөр, зохион байгуулалт, заах арга, нөөц бололцооны ашиглалт ба олон нийттэй түншлэн ажиллах замаар чанартай боловсрол эзэмшүүлэх, тусгай сургалтын тогтолцоо нь ердийн сургуулийн нөхцөлд эдгээр хүүхдэд тохиолдох саад тотгорыг арилгахад чиглэсэн бус харин ч хүүхдүүдийг үе тэнгийхэн болон гэр бүлийнхнээсээ улам хөндийрч, санхүүгийн чадвартай болох бололцоог нь хааж болзошгүй тул аль болох хамтад нь сургах, тиймээс суралцах явцад нь тулгарч буй саад тотгорыг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах хэрэгцээ шаардлагуудыг хангахад анхаарлаа хандуулах нь чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон байна.
Харин “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд хамран сургах нь” уулзалт хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр буюу өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын сурч, боловсрох орчин нөхцөлийн талаар хэлэлцлээ. Тус хэлэлцүүлэгт ХАХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга Д.Амарсайхан, ХБИХХ-ийн дарга Т.Батдулам, СЗХҮТ-ийн тэргүүн дэд захирал Д.Даника, БШУЯ-ны дээд боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Батнэмэх, мөн тус яамны мэргэжилтэн Б.Батсайхан, Италийн төрийн бус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Д.Тулгамаа, мөн суурийн төлөөлөгчийн газрын менежер Л.Энхбуянт болон Их, дээд сургуулийн сургалтын албаны төлөөлөгч, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын төлөөлөл оролцлоо.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр Их дээд сургуулиудад суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын өнөөгийн байдал, тэдэнд тулгамдаж буй асуудлуудын талаар их дээд сургуулийн доктор, профессор, эрдэмтэн багш нарын хийсэн судалгаа, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад хичээл заадаг сургагч багш нарын туршлагад суурилсан илтгэл, саналуудыг хэлэлцсэн юм. Тодруулбал, МУБИС-ын багш, доктор, профессор Я.Цэвээнлхабил “Монгол Улсад тусгай сургалттай боловсрол хөгжиж ирсэн түүхэн сургамж”, ЭМШУИС-ын сургалтын бодлого зохицуулалтын албаны ахлах арга зүйч Б.Оюунгоо “Сайн жишээт туршлагууд” сэдвээр тус тус илтгэл тавьж, санал солилцсон юм.
Манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Их , дээд сургуулиудад суралцах нийт оюутны 3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэх мэдээлэл байдаг. Гэхдээ энэ тоо бол албан бус мэдээлэл гэдгийг холбогдох албаныхан хэлж байсан. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын нэгдсэн тоог гаргах, тэдний хэдэн хувь нь дээд боловсрол эзэмшиж буй талаар бодит мэдээлэлтэй болох шаардлага байгааг ч онцолж байлаа. Хэлэлцүүлэгт оролцогч Их дээд, сургуулийн багш нарын үзэж буйгаар хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг боловсрол эзэмшихэд энгийн оюутнуудын оролцоо, тэдний хоорондын харилцаа хамгийн чухал гэв. Тиймээс зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг нийгэмшүүлэхэд анхаарах бус хамт суралцаж буй энгийн оюутнуудад харилцааны хичээл тусгайлан орж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зовлон, бэрхшээлийг ойлгох, тэднийг хайрлах, халамжлах, тусалж, дэмжих сэтгэлгээг суулгах хэрэгтэй гэж үзсэнээ илэрхийлж байсан. Мөн Их дээд сургуулиудын заах арга зүйд дохионы хэлийг кредитээр заах тухай саналыг ч гаргаж байлаа. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудтай харилцах боломж бүрдэх ач холбогдолтой болох юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд Их дээд сургуулиудын багш, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын гаргасан саналуудыг нэгтгэн иргэд, олон нийт, сурган хүмүүжүүлэгч, багш нарт хандан уриалга, санал гаргахаар боллоо.
Тодруулбал, Энгийн оюутнуудад дохионы анхан шатны хэл заах, мөн Их дээд сургуулийн багш нарт дохионы хэлний сургалт явуулах, хичээлийн хуваарь, лекц, даалгавар, шалгалтын материалаа хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан байдлаар тусгайлан бэлтгэж, цахим хуудсанд байрлуулан, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудтай цахим харилцаа тогтоох, Их дээд сургуульд элсэн орох шалгалтын журмыг эргэн харж, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудаас тусгайлсан системеер авах арга замыг судлан боловсруулах, дээрх саналуудыг холбогдох яамдуудад хүргэх зэрэг ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэхийг уриаллаа. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, оюутан залууст чиглэсэн үйл ажиллагаа, санал, санаачилгыг ярих бус бодит ажил хэрэг болгохыг зорих нэн шаардлагатайг дуу нэгтэйгээр дэмжлээ.
0 comments:
Post a Comment