ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧДАД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ОЙЛГОХ, ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОХОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН СУРГАЛТЫГ ЭХЛҮҮЛЭЭ


   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгож, нийгэмшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хүчин зүйл нь харилцаа юм. Ар гэрийхэн, найз нөхөд, анги хамт олон, үйлчилгээний байгууллагын ажилчдын харилцаанаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх, оролцоо шалтгаалдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл зарим үйлчилгээний байгууллагын ажилчид хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүү хэл энгийн иргэдтэй ч зүй зохисгүй харьцах тохиолдол байсаар байна. 
   Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харьцах болон тэдний зовлон бэрхшээлийг ойлгож, тусалж, дэмжих талаар зөв ойлгот өгөх, нийгмийн оролцоонд дэмжлэг үзүүлэх нөлөөллийг бий болгох зорилгоор сургалт явуулахаар болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү сургалтыг Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн сургагч багш нар заах юм.
   Тодруулбал, иргэд олон нийттэй өдөр тутам харилцаж, үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон авч нөлөөллийн хичээл орох аж. Тэгвэл өнөөдөр сургалтын салхийг Улаанбаатар Төмөр замын явуулын болон суурин кассир, буудлын ажилчдаас эхэллээ. Хотын төвийн болон хөдөө орон нутгийн төмөр замын билетийн кассир, ажилчид гээд нийт 90 гаруй ажилчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах сургалт, хичээлийг хоёр өдрийн турш зохион байгуулах юм байна.
   Хөгжлийн бэрхшэлтэй иргэдийг илүү ойлгож, хайрлан, хүндэлж чин
сэтгэлээсээ туслана гэдэгт найдаж байна
   Энэ талаар сургалтын удирдан зохион байгуулж буй Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн сургагч багш Бямбадэлгэрээс сургалтын ач холбогдол, үр дүнгийн талаар тодруулсан юм.
   - Үйлчилгээний байгууллагын ажилчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцахдаа юуг голчлон анхаарах ёстой вэ. Сургалтаар дамжуулан ямар ойлголтыг өгөхийг зорьж байна?
   - Үйлчилгээний албан хаагчид цаг тутамд иргэдтэй харилцдаг хүмүүс. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв мэдлэг, бодолтой байж, тэднийг маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэлзүйн онцлогийг мэддэг байвал харилцахад хялбар болно. Бидний зүгээс энэ талын ойлголтыг өгөх, нөгөө тадаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг харилцааны бэрхшээлийг арилгаж, нийгэмшүүлэхийг зорьж байна.
   -Энэхүү нөлөөллийн сургалтын үр дүнг та юу гэж харж байна. Үйлчилгээний ажилчид хүлээж авах байдал ямар байна вэ?
- Мэдээж сургалтад суусан эдгээр ажилчид цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг илүү ойлгож, хайрлан хүндэлсэн, чин сэтгэлээсээ тусалж, дэмжих сэтгэлзүйтэй болно гэж найдаж байна. Тиймдээ ч Улаанбаатар Төмөр замын төв буудлын тасалбар түгээх хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээний тусгай цонх нээн ажиллуулахаар болсон гэж байна. Мөн зарим ажилчдаа дохионы хэлний сургалтад суулгах тухай хүсэлтээ ч бидэнд ирүүлээд байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан явах, үйлчлүүлэх боломж бүхий стандартын орчныг бий болгохыг ч зорьж байгаагаа илэрхийлж байна. Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгоход дэмжлэг үзүүлж, сургалтыг талархалтайгаар хүлээн авч байна.
   Түүний хэлсэнчлэн нөлөөллийн сургалтад оролцогчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, урд, өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээлийг нарийн ойлгодоггүй байснаа хэлж, цаашид яах талаар зөвлөгөө, сургалтыг багш нараас авч байсан.
   Зарим билетийн кассир сургалтын талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа.
   Улаанбаатар Төмөр замын суурин кассир Д.Отгонтуул “Бид энэхүү сургалтад оролцсоноороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцахдаа анхаарах зүйлийг сурч, мэдэж авлаа. Тэднийг юун түрүүнд хайрлаж, хүндэлж харьцах ёстой юм байна. Хэдийгээр сонсголын болон, хэл ярианы бэрхшээлтйэ иргэдтэй харилцахад хүндрэл нэлээд тохиолддлг. Цаашид тэдгээр хүмүүстай харилцахдаа, тэдэнд үйлчлэхдээ юу хүсэж байгааг нь ойлгож, харцнаас мэдрэхийг зорьж байх тухай энэхүү сургалтаас мэдсэндээ баяртай байна” гэлээ.

0 comments:

Post a Comment