ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛАГДСАН ДЭД БҮТЦИЙН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД


 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг угтан зохион байгуулж буй “Оролцоог бодит болгоё” сарын аяны хүрээнд “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛАГДСАН ДЭД БҮТЦИЙН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД”-ЫГ хөндөж ярилцах дугуй ширээний уулзалт Барилга хот байгуулалтын яаманд боллоо. Уулзалтанд ХАХНХЯ, БХБЯ, ЗТЯ, МХЕГ, ХЭҮК, ХХЗХ, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Стандарчилал хэмжилзүйн газар зэрэг төрийн болон ТББ-ын төлөөллүүд оролцсон.
   Дэлхийн хүн амын тухай тайланд дурдсанаар 2011 онд дэлхий дээрх нэг тэрбум гаруй хүн амын 15% нь ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байна. Харин 2010 оны хүн амын тооллогоор Монгол улсад нийт 108071 буюу нийт хүн амын 4,1% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.
   Их хотын амьдралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэний ч дэмжлэг туслалцаагүйгээр чөлөөтэй оролцож, хаа хүссэн газартаа орчих, ажил хөдөлмөр эрхлэх боломж бололцоо өнөөгийн манай нийгэмд бодитой бүрдэж чадаагүй. Тиймээс тэдний амьдралд шууд нөлөөлдөг дэд бүтцийн стандартыг мөрдөж, хэрэгжүүлэх нь нэн чухал асуудал.
   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, түүн дотроо зам, барилгын стандарт мөрдөгдөхгүй байгаагаас үүдэж тэд хэн нэгнээс байнга дэмжлэг авч, нэг хүний хараат байх шаардлагатай тулгардаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах, сурч боловсрох эрхийг хязгаарлахаас гадна нийгмээс тусгаарлах сөрөг хандлагыг бий болгодог.
Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх нь холбогдох яамдуудын болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажлын үр дүнгээс ихээхэн шалтгаална. Өнөөдөр болсон дугуй ширээний уулзалтанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнхөө өмнө тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж, холбогдох хууль тогтоомжинд зөвлөмж хүргүүлж байлаа.
   Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо Улаанбаатар хотын явган хүний замын стандартын хэрэгжилтэнд үнэлгээ хийсэнээ танилцуулсан. Хотын нийт явган хүний авто замын стандартын 64,7 хувь дунд түвшинд байна гэж тэд үнэлжээ. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд хотын хөдөлгөөнд оролцоход хангалтгүй байгааг илтгэсэн тоо баримт юм. Иймээс тэд Барилга хот байгуулалтын яам болон Зам тээврийн яам, холбогдох газруудад дараах зөвлөмжүүдийг хүргүүлсэн.
  • Нэн тэргүүнд явган хүний замыг барьж байгуулахаас нь өмнө уг ажлыг хийж гүйцэтгэж байгаа ажилчдыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг барьж байгуулахдаа юуг анхаарч, дэлхийн жишигт нийцсэн ямар стандарт байдаг талаарх мэдээллийг өгч, сургалтанд хамруулж байх
  • Орон нутагт санхүүгийн эрх мэдэл төвлөрсөнтэй холбоотойгоор нийслэлийн дүүргүүдийн төсвийн хүрээнд барьж байгуулж байгаа явган хүний зам, талбайн чанар стандартад хатуу хяналт тавьж байх. Учир нь судалгаанаас харахад ихэнх дүүргийн зам талбай бүтээн байгуулалтын ажил чанар, стандратын шаардлага хангахгүй байжээ. 
  • Хараагүй иргэдэд зориулсан дуут гэрлэн дохио нийслэлийн аль ч зам талбай байхгүй учраас нэн тэргүүнд тэдэнд зориулсан явган хүний замыг стандартын дагуу барьж байгуулахад онцгой анхаарах 
  • Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө гэх мэт гудамжны нэр томъёог нийслэл хотын иргэд олонтоо сонч байсан ч яг хотын аль хэсэгт дээрх байршил хамрагддагийг төдийлөн мэддэггүй. Уул нь энэ нэр томъёо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хот дотор зорчиход хамгийн чухал мэдээлэл өгөгч, зүг чиг болох учиртай. Тиймээс хотын гудамж, талбайн нэр томъёог нэгдсэн нэг ойлголттой болгох хэрэгтэй 
  • Нийтийн зам талбайгаар зорчиход саад болсон хаяг, рекламны самбарыг цэгцэлж, зайлуулах 
  • Хотын явган хүний болон авто замын хучил Монгол орны цаг уурын нөхцөл байдалд нийцэхгүй байгаагаас халтиргаа гулгаа ихтэй, дээр нь энхэл донхол амархан үүсдэг. Замын стандартад тавих төрийн хяналтыг чангатгах хэрэгтэй 
  • Шинээр зам талбай барьж байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг ажлын хэсэгт оруулж, санал бодлогыг нь тусгаж байх зөвлөмжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Барилга хот байгуулалтын яам болон Зам тээврийн яаманд хүргүүлсэн. Харин холбогдох яамдууд асуудлыг судалж үзэн, холбогдох хууль тогтоомжинд тусгаж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн.

0 comments:

Post a Comment