“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН БОДЛОГО-ШИНЭЧЛЭЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ


   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг сонсох, тэдний оролцоог нийгэмд бодит болгох, хүн амын хөгжлийн цогц бодлогод тэдний санал, санаачлагыг тусгах зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг энэ сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 
   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үзэл бодол, дуу хоолойг сонсож, тэднийг энгийн хүмүүстэй ижил тэгш оролцоотой болгон, ажиллаж, амьдрах орчин нөхцөлөөр хангахын тулд ямар бодлого, шинэчлэл шаардлагатай болох, үүнд төр ямар оролцоотой байх зэрэг олон асуудлыг хэлэлцсэн үндэсний чуулганд 21 аймаг, 9 дүүрэг, дотоод, гадаадын зочидоос бүрдсэн 800 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

   Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулганд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт явуулсаныг уншиж танилцуулсан бол УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ, Засгийн газрын зарим гишүүд чуулганы нээлтийн үйл ажиллагаанд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал, санаачлагыг хамтдаа сонссон нь энэхүү чуулганы цар хүрээ, ач холбогдлыг тодорхойлж байлаа.
   Чуулганы үндсэн илтгэлийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэлийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” сэдвээр тавьсан бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, салбар яамдын төлөөллаас хөгжлийн бэрхшээлтэй иргэндийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд ямар зүйл анхаарч, хийхээр төлөвлөж байгаа ажлын талаарх илтгэлүүдийг сонирхуулж, чуулганаар хэлэлцүүлсэн.
   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулганыг угтаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” сарын аяныг эхлүүлсэн. Тус аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, оюутан, залуусын мэдлэг боловсрол эзэмших, энгийн иргэдтэй ижил тэгш байдлаар нийгмийн харилцаанд оролцож, ажил, хөдөлмөр эрхлэх асуудлыг нийгэмд хөндөн тавьж, асуудлыг шийдвэрлэж, цаашид юунд илүү анхаарах шаардлагатайг хэлэлцсэн 25 нэр төрлийн үйл ажиллагааг хийсэн байна. Эдгээр уулзалт, зөвлөгөөн, хурлыг зөвхөн ХАХНХЯ дангаараа хариуцах бус салбар яамдыг түлхүү оролцуулсанаараа үр дүнтэй болжээ.
   “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэл-бодлого” үндэсний чуулганаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо нийгэмд бодитой болж, тодорхой байр суурь эзлэх, тэдний дуу хоолой, санал санаачлага бүхий л түвшинд хүрч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэний ч дэмжлэггүйгээр нийгмийн харилцаанд оролцдог болох дэд бүтэц, орчин нөхцөл бүрдэх зэрэг нааштай үр дүн гарсан гэж болно. Энэ ч утгаараа сум, дүүрэг гээд Монгол Улсын өнцөг булан бүрт оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг Монгол хүнийг хөгжүүлэх бодлогын баримт бичигт тусгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөл бүрдэх боломжтой боллоо.

0 comments:

Post a Comment