ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ


   Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан ирэх сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажилдаа орсон байгаа. Тэгвэл энэхүү чуулганы эхлэл болгож, улс орон даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгое” сарын аяныг эхлүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулж, оновчтой зөв шийдэл, зөвлөмжийг боловсруулж байна. 
   Эдгээр уулзалтын нэг нь 04 дүгээр сарын 19-нд болсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн асуудлаарх семинар” байлаа. Янз бүрийн шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон нь энгийн иргэд шиг хүссэн газраа ажиллаж, хөдөлмөрлөх, амьдрах орчин нөхцөлөөр дутагдаж, улсаас олгох халамж, тусламжийг зайлшгүй хүртэхэд хүргэж байна. Гэтэл зөвхөн халамжийн мөнгөөр амьдралаа залгуулна гэвэл өрөөсгөл ойлголт болно. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, нийгмийн халамжийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэн тэргүүний шаардлага бий болсон байна. Түүнчлэн энэхүү үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэж буй халамжийн байгууллагын ажилчдын харилцааг ч сайжруулах хэрэгтэй гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл үзэж байгаа юм. ХАХНХЯ-ны хурлын танхимд бүтэн өдрийн турш үргэлжилсэн тус хэлэлцүүлэгт халамжийн үйлчилгээг үзүүлдэг эрх бүхий байгууллагын бүх шатны төлөөлөл / дүүрэг, нийслэл, улсын ерөнхий газар/ хүрэлцэн ирсэн нь тулгамдаж буй олон бэрхшээлийг шийдвэрлэхэд хялбар болгосон үр дүнтэй уулзалт болов.
   Мөн Японы Окояма мужийн хараагүйчүүдийн сургуулийн захирал, азийн эмчилгээний массажын сургагч багш, лектор Масахика Такаэчү энэхүү уулзалтад оролцож, өөргийн амьдралд тохиолдсон зовлон, бэрхшээлээс сэдэвлэсэн “Тэртээх өдрүүд” сэдэвт алдарт илтгэлээ уншиж, Япон орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх халамж, үйлчилгээг манай улсын халамжийн үйлчилгээтэй харьцуулан, санал бодлоо солилцож байснаараа энэ удаагийн хэлэлцүүлэг онцлог байсан.
   Хэлэлцүүлгээр цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх халамж, үйлчилгээг сайжруулах талаар хэд, хэдэн зөвлөмж гаргасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх халамжийн үйлчилгээний чанарыг сайжруулахад олон улсын ICF ангилалын заалтыг ашиглаж, түүнийг нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх “Хөгжлийн төв”-ийг нийслэлийн 9-н дүүрэг болон бүх аймгуудад байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрны стандрыг тогтоох, түүнд тавих хяналтад хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг заавал оруулах шаардлагатайг оролцогчид онцолж байв. Мөн эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд зөвхөн ХАХНХЯ бус бусад салбар яамдын уялдаа, холбоог ч нэмэгдүүлэх нь зүйтэй гэв. Тус хэлэлцүүлгээс гарсан бас нэгэн шийдвэр бол төрийн байгууллагуудын гаднах орчин, мөн бие засах газар, угаалтуур, авто зогсоол зэрэг наад захын энгийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж өөрчлөх, тогтсон стандартыг баримтлах, бүх шатны халамжийн үйлчилгээний ажилчдын дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах, тэдэнд зөв, боловсон үйлчилгээ хүргэх талаар сургалт, семинарыг тогтмол явуулж байхаар шийдсэн.

0 comments:

Post a Comment