ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОХ АЯНЫ ХҮРЭЭНД “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа энэ зовлон бэрхшээлийг туулж яваа бяцхан хүүхдүүдэд чиглэсэн, тэдэнд сэргээн засах тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлдэг тухай “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалтыг өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдэд зориулан Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь нийгмийн халамжийн асуудал төдийгүй нийт хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх шаардлага бий болж байна. Ялангуяа ирээдүй хойч үе болсон хүүхдийн асуудал онцгой анхаарал татах болсон.

Учир нь Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвөөс 2012 онд улсын хэмжээнд явуулсан судалгааны дүнд нийт 107140 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдийн дунд харааны бэрхшээлтэй 276, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 371, хөдөлгөөний бэрхшээлтэй 777, унадаг татдаг 296, сэтгэцийн өвчтэй 109, оюун ухааны бэрхшээлтэй 345, хавсарсан бусад хэлбэрийн бэрхшээлтэй 561 хүүхэд байгааг тогтоосон байна. Мөн судалгаанаас харахад сүүлийн үед төрөлхийн хөдөлгөөний бэрхшээлтэй харьцангуй бага болсон ч осол гэмтэлтэй холбоотойгоор  5 болон 16 наснаас дээш үед шинээр хөдөлгөөний бэрхшээл бүртгэгдэх болжээ. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дотор нь харааны, сонсгол хэл ярианы, хөдөлгөөний, уналт таталтын, оюун ухааны, сэтгэцийн, хавсарсан болон бусад бэршээлтэй гэж долоо ангилан эмчилгээ, сувилгааг хийх болжээ. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ар гэрийхэн нь зөвхөн эмчилгээ, эрүүл мэнд тал дээр илүүтэй анхаарч, бусад асаргаа, сувилгааг орхигдуулах, нийгмийн харилцаанаас тусгаарлагдмал, оролцоогүй  болж байгаа нь ажиглагдах болжээ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тавих анхаарал, туслах, тэдний эрүүл мэнд болон нийгмийн бусад асуудалд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

Тодруулбал, эцэг эхчүүдэд үр хүүхдээ гэрийн нөхцөлд асрах, дасгал хөдөлгөөн хийлгэх, мөн хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээлийн онцлогоос шалтгаалж, хөдөлгөөн, хэл ярианы засал, дасгалыг хэрхэн зөв хийх ойлголтыг өгөх, эцэг эхчүүдийг үүнд сургахад  сургалтын ач холбогдол оршиж байгаа юм. Тухайлбал, тархины саажилттай хүүхдийг зөв байрлуулах, өргөх, тэврэх, тохирсон хөдөлгөөн дасгалыг гэрийн нөхцөлд хийлгэснээр хүүхдийн хөдөлгөөний хөгжилд сайнаар нөлөөлөх боломжтой болдог байна. Мөн хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд байнгын давтамжтай хэл зүгшрүүлэх заслын дасгал, үг хэллэгийг хэлж байх, хүүхдээ дууриалган хэлүүлэх зэргийг гэрийн нөхцөлд зөв хийсэнээр үр дүнтэй болохыг Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд онцлон, эцэг эхчүүдэд захиж байсан юм. Гэхдээ зөвхөн үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө санаа тавих бус тэдэнд боловсрол олгох, сургаж хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд нь анхаарах хэрэгтэйг сургалтаар зааж, зөвлөсөн.  Эл асуудалд хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байхаа ч Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн удирдлагууд болон эмч, ажилчид  илэрхийлэв.

Энэ удаагийн үзүүлэх сургалтад ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа, тэргүүн дэд захирал Д.Даника болон тус төвийн харьяа Сэргээн засах, оношилгоо эмчилгээний төвийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдэд сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ явуулж, мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөх Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн Сэргээн засах, оношилгоо эмчилгээний газар нь  нийслэлийн 9-н дүүрэг, 21 аймагт өөрийн  Нийгэм мэдээллийн төвүүдээрээ дамжуулан иргэддээ үйлчилгээ үзүүлдэг юм байна.

0 comments:

Post a Comment