ХАХНХЯ, СЗХҮТ ХАМТРАН “ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХОД- БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


ХАХНХЯамаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” сарын аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах, тэдэнд тугамдаж буй бэрхшээлийн шийдвэрлэх болон Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, чиглэлийн талаар шат дараатай сургалт, семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа.

Тодруулбал энэ сарын 7-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй бэрхшээлийн нэг дэд бүтцийн асуудлын хөндөн, “Дэд бүтцийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгоход- бидний оролцоо” сургалтыг Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа, тус төвийн сургалт, судалгааны газрын дарга Б.Батдорж нар оролцсон. Түүнчлэн Түгээмэл хөгжил төвийн тэргүүн Б.Ундрахбаяр “Хүртээмжтэй орчин”, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор “Хүртээмжтэй орчноос үүдэж, ХБИ-дэд тулгарч буй бэрхшээл”, Түгээмэл хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Я.Авирмэд “Нийгмийн загварууд”, ШУТИС-ын архитектурын салбарын эрхлэгч И.Гончигбат “ХБИ-ийн шаардлагыг тооцсон барилга, хот байгуулалтын салбарын техник, баримт бичгүүдийн хэрэгжилт” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, дэд бүтцийн тооцоогүй байдлаас шалтгаалж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй бэрхшээлийг бодит жишээ баримт, судалгаанд тулгуурлан сургалтад оролцогчдод мэдээлэл өгсөн юм.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж, дэлхийн улс орнууд дэд бүтцийн асуудлаа хэрхэн өөрчилж, зохицуулсан талаарх туршлага, манай улсын дэд бүтцийн өнөөгийн байдлын талаар Түгээмэл хөгжил төвийн тэргүүн Б.Ундрахбаярын илтгэл чиглэсэн байлаа. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлага олон улсын түвшинд гурван янзаар байдаг бөгөөд эхнийх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж байх ёсгүй, хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүн амынхаа цөм гэж үзэн, бурхан мэт шүтэх үзэл, харин гуравдугаарт хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн иргэдийн хооронд ямар ч ялгаа байх ёсгүй, тэд ижил түвшинд байна гэсэн түгээмэл үзэл, хандлага гэдгийг онцлон хэлж байв. Эдгээрээс сүүлийх буюу Түгээмэл хандлагыг баримтлах нь хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн иргэдийн хоорондын ялгааг арилгах хамгийн оновчтой тогтолцоо, арга гэж үзжээ. Тиймээс дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, энгийн иргэд гэсэн зааг гаргалгүй ямар ч хүн ашиглаж болохуйц хэлбэрийг сонгож байхыг холбогдох албаныханд санал болгож байгаагаа өөрийн илтгэлдээ тусгасан байна.

“Дэд бүтцийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгоход- бидний оролцоо” сургалтад оролцогчид манай улсын дэд бүтэц хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд орох нөхцөл, боломжийг хаасан, хязгаарлахуйц бэрхшээл учруулдаг болохыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнгөрсөн жилүүдэд хийсэн өөрсдийн судалгаа, үнэлгээний дүнгээр тогтоосон гэдгээ ч хэлж байсан. Өөрөөр хэлбэл, хотын аль хэсгийн зам, талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зам гарахад тусласан гэрлэн дохио, хараагүй хүний зориулалтын зам, тэргэнцэрт зориулсан налуу зам, гарц байхгүй, туйлын хангалтгүй байгаа юм.

Хэдийгээр сүүлийн үед баригдаж буй барилга, зарим гудамж, талбайд эдгээрийг хийсэн ч харамсалтай нь стандартад нийцэхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие даан явах нөхцөл, боломжгүй байдлаар шийдвэрлэсэн байгааг сургалтын үеэр ярьж байв. Тиймээс эл байдлыг өөрчлөх, барилгын зургийн даалгаварт энэ тухай стандартыг тусгах, нарийвчлан шалгах зэргийг баримталж, зайлшгүй шалгасны дараа хүлээн авах шаардлагатай болохыг сургалтанд оролцогч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд онцоллоо.

0 comments:

Post a Comment